Мэдээ мэдээлэл

Комплаенс, AML/CFT, засаглал, эрсдэлийн салбарын нийтлэл, хууль эрх зүйн шинэчлэл

Хориг арга хэмжээний эрсдэл гэж юу вэ

Хориг арга хэмжээний эрсдэл гэж юу вэ

2026-10-26 21:27:02

Хориг арга хэмжээний эрсдэл гэж юу вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хориг арга хэмжээний эрсдэл гэдэг нь хориг тавигдсан улс, хуулийн этгээд, хувь хүнтэй шууд болон дам холбогдсоноос үүсэх эрсдэлийг хэлнэ. Олон улсын геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед манай улсын санхүүгийн салбар төдийгүй хил гааль, гадаад худалдааны бизнес эрхлэгч, хил дамнасан төлбөр тооцоо гүйцэтгэж буй байгууллагууд энэхүү эрсдэлд өртөхөөс сэргийлэх тогтолцоотой байх нь тун чухал байна.



Хориг арга хэмжээ гэж юу вэ?

Хориг арга хэмжээ (sanctions) нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, тодорхой улс болон холбоод жишээ нь АНУ-ын OFAC, Европын холбоо, Их Британи зэрэг газрууд нь улс орон, байгууллага, хувь хүн, зарим салбарын эсрэг авч буй хязгаарлалтыг хориг арга хэмжээ гэж гэнэ. Хориг арга хэмжээ нь доорх нийтлэг төрлүүдүүдтэй байна:

  • Хөрөнгө царцаах (Financial sanctions) Жагсаалтад орсон этгээдийн данс, хөрөнгийн хөдөлгөөнийг царцааж, тухайн этгээдтэй санхүүгийн харилцаа тогтоох, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхийг хориглох;
  • Худалдааны хязгаарлалт (Trade sanctions) Тодорхой бараа, технологи, худалдаа үйлчилгээг хориглох эсвэл зөвшөөрлөөр хязгаарлах;
  • Салбарын хязгаарлалт (Sectoral sanctions) Аль нэг улсын эдийн засгийн чухал салбарууд болох санхүү, эрчим хүч, батлан хамгаалах, технологи гэх мэт тухайлсан салбарт хориг тавих
  • Зэвсгийн хориг (Arm embargo) Тухайн улс эсвэл бүлэглэлд цэргийн зориулалттай зэвсэг, техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл худалдах, нийлүүлэх, цэргийн хамтын ажиллагаа явуулахыг хориглох;
  • Зорчих эрхийн хориг (Travel bans) Хоригт өртсөн тодорхой албан тушаалтан, улс төрчид болон хувь хүмүүст тухайн улсын хилээр нэвтрэхийг хориглох эсвэл виз олгохоос татгалзах.



Хориг арга хэмжээг зөрчвөл ямар үр дагавартай вэ?



Хориг арга хэмжээг зөрчсөн хуулийн этгээдийн хувьд доорх хор хохирол учирдаг.

  • Хуулийн хариуцлага хүлээх буюу торгууль, зөрчлийн арга хэмжээ авагдах;
  • Гадаадын болон дотоодын банк санхүүгийн гүйлгээг зогсоох, харилцаагаа хязгаарлах эсвэл таслах;
  • Санхүү эсвэл хөрөнгийг царцаах, хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Хамтрагч талууд харилцаагаа таслах, гэрээ хэлцэл цуцлагдах, шинэээр хамтын ажиллагаа тогтооход хүндрэл үүсэх;
  • Нэр хүндийн хохирол;

Дээрх эрсдэлүүд нь зөвхөн санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээр хязгаарлагдахгүй бөгөөд төлбөр тооцоо, нийлүүлэгчийн гэрээ, түнш, зуучлагчаар дамжуулан аль ч байгууллага эрсдэлд өртөж болно.

​

Тэгвэл байгууллага уг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?



  1. Эрсдэлээ үнэлэх (Risk assessment): Харилцагч, бүтээгдэхүүн, төлбөр тооцооны суваг, газар зүйн байршил, гүйлгээний чиглэлээр хориг арга хэмжээний учирч болзошгүй эрсдэлээ тодорхойлно.
  2. Харилцагчийг шалгах (Sanctions screening): Хамтрагч байгууллагуудын эцсийн өмчлөгч, удирдлага, төлбөр тооцоонд оролцогч талуудыг зайлшгүй мөрдөх хориг арга хэмжээний жагсаалттай (НҮБ, OFAC, ЕХ, Их Британи гэх мэт) шинээр харилцаа тогтоох болон төлбөр тооцоо шилжүүлэх, хүлээн авах үед тулган шалгах. 
  3. Гүйлгээг хянах (Transaction monitoring): Хил дамнасан төлбөр тооцооны гэрээ хийх, төлбөр тооцоо шилжүүлэх, хөрөнгө оруулалт татахын өмнө оролцогч талуудыг шалгахаас гадна, төлбөрийн зориулалт, бараа үйлчилгээ нь худалдааны хоригт орсон эсэх, барааг тээвэрлэх тээврийн компани, хөлөг онгоц, барааг хүлээн авах эцсийн иргэн, хуулийн этгээд  нь хоригт багтсан эсэхийг гүйлгээний маршрутын дагуу шалгах.
  4. Бодлого, журам, шийдвэрийн дараалал тогтоох (Internal sanction policy): Хэрэв байгууллагын хамтрагч тал, вендор компани түүний удирдлага, хамаарал бүхий этгээд нь хоригтой таарсан тохиолдолд байгууллагын ямар албан тушаалтан, хэрхэн шийдвэр гаргах, хэнд мэдэгдэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх эсэх дотоод шийдвэр гаргал, үйл ажиллагааны процессыг тодорхойлсон бодлого, журамтай байх.
  5. Ажилтныг сургах (Training): Худалдан авах ажиллагаанд оролцогч ажилтнууд, санхүү төлбөр тооцооны ажилтнууд, гэрээ хэлцэл хянах нэгжийн ажилтнууд нь хамтрагч талын эрсдэлийг үнэлэх, таних, мэдээлэх сургалтад тогтмол хамрагдах.
  6. Тогтмол шинэчилж, шалгах (Updates): Хориг арга хэмжээний жагсаалтууд, хууль эрх зүй, гадаад түншүүдийн шаардлагын өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн, хуульд заасан хугацаанд холбогдох баримтыг цаасан болон цахим хэлбэрээр хадгалах, хянах тогтолцоог бүрдүүлэх.
  7. Гэрээний шаардлага (end user agreement, contract requirement): Хамтрагч талтай байгуулах гэрээнд хориг арга хэмжээний заалт оруулж, зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах эрхийг тусгах, эцсийн хүлээн авагч, бараа бүтээгдэхүүн нь хоригт ороогүй байх шаардлага, баталгааг гэрээнд тусгах.



Нийтлэг тохиолддог алдаа



  • Харилцагч, хамтрагчийг бүртгэх үед нь шалгаад дахин шалгахгүй байх
  • Зөвхөн харилцагчийн нэрийг шалгаж, эцсийн өмчлөгчийг орхигдуулах
  • Таарсан үр дүнг шийдвэрлэх дараалал тодорхой бус байх
  • Албан бус жагсаалт, мэдээлэл ашиглан тулгалт хийх
  • Шалгалт хийснээ бүртгэж, баримтжуулахгүй байх
  • Албан ёсны баталгаа эх үүсвэр, жагсаалттай хэрхэн тулгахаа мэдэхгүй байх





Танай байгууллагын хориг арга хэмжээг тулган шалгах систем, эрсдэлийг үнэлэх аргачлал, дотоод шийдвэр гаргалтын процессыг хэрхэн удирдах талаар нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай зөвлөхтэй холбогдоно уу.